Захирлын мэндчилгээ

Бидний цахим хуудсанд саатан морилж буй таны амар амгаланг айлтгая. Үй-Цай сургууль нь 1997 онд үйл ажиллагаагаа эхэлүүлэн хүүхэд багачуудад хос болон олон хэл дээрх соёл, боловсролыг эзэмшүүлэх сургалтын үйл ажиллагааг 20 гаруй жил явуулаж байна.

Тус сургууль нь 1997-2001 онд Хятад хэлний бага сургуулийн хөтөлбөр, 2002-2012 онд Хос хэлний тэнцвэрт сургалттай бүрэн дунд боловсролын хөтөлбөр, 2013-2018 онд Хос болон олон хэл дээрх сургалттай бүрэн дунд сургуулийн хөтөлбөрөөр ажиллаж ирлээ.

2017–2018 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын Үй-Цай сургууль нь 30 гаруй гадаад багш, 40-өөд монгол багш, 20 гаруй ажилтан, ажилчид, 1000 гаруй сурагчидтайгаар сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа явууллаж байна.

Бид “Хос болон олон хэл дээрх боловсролтой, зан төлвийн эрхэм чанартай, эрүүл аз жаргалтай амьдрах соёлтой, үнэт зүйлсийг бүтээгч үлэмж төгөлдөр иргэнийг бэлтгэх” эрхэм зорилго дэвшүүлэн “Үй-Цай төгсөгч” загварт суурилсан “Хос болон олон хэл дээрх сургалттай Үй-Цай боловсрол хөтөлбөр”-ийн хүрээнд гадаад хэлийг шинжлэх ухааны мэдлэг эзэмших хэрэглэгдэхүүн байх, байгалийн шинжлэлийн хичээлийн агуулгыг гүнзгийрүүлсэн төвшинд дөхүүлэн, сурагчдын онолын мэдлэг, практик хэрэглээ, бүтээлч үйл ажиллагааны хөгжлийг дэмжсэн нэмэлт хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн “Үй-цай боловсролын технологийн сан”-г баяжуулан ажиллаж байна.

Мөн Тэрэлж дахь зуны сургалт, аялал, амралтын “Төгөлдөр” зуслан, Төв аймгийн Борнуур суман дахь Байгалийн шинжлэлийн хичээлийн дадлага, туршилтын баазуудыг байгуулан өөрийн сургалтын технологийн хөгжлийг дэмжин ажиллаж байна.

“Үй-Цай төгсөгч”-ийн тасралтгүй боловсролыг дэмжин сургууль дээрээ Сяа Мэйний их сургуулийн онлайн баклаврын сургалтын төв, Шанхайн зам тээврийн их сургуулийн элсэлтийн шалгалтын төв, HSK шалгалтын төв, Күнзийн танхим, Үй-Цай сургуулийн төгсөгчдийн холбоо зэргийг байгуулан ажиллаж байна.

Тус сургуулийн сурагчид болон төгсөгчид хятад хэлний чиглэлээр олон улс, дэлхийн хэмжээний олимпиад тэмцээнүүдэд амжилттай оролцон тэргүүн, дэд байр, Англи хэл, байгалийн шинжлэлийн хичээлээр олон улс, улсын хэмжээний олимпиад тэмцээнүүдээс дэд болон шагналт байр, нийгэм хүмүүнлэгийн ухааны хичээлээр улс, нийслэлийн хэмжээнд зохиогдсон олимпиад тэмцээнүүдэдээс дэд, шагналт байр болон тусгай байруудыг эзэлдэг болж, төгсөгчид маань БНХАУ, АНУ, Канад, Герман, ОХУ, Япон, Солонгос зэрэг улсуудын олон улсад нэр хүндтэй их дээд сургуулиудад суралцаж байгаа бөгөөд дээрх сургуулиудыг төгссөн сурагчид маань Дэлхийн банк, Сан Францискогийн хөрөнгийн бирж гэх мэт олон улсын байгууллагууд, өөрийн улсын хууль-батлан хамгаалах, гадаад харилцаа, бизнес, боловсрол, анагаах ухааны салбаруудад үр бүтээлттэй ажиллаж байгаа нь бидний “Үй-Цай боловсрол хөтөлбөр”-ийн хэрэгжилт, үр дүнг батлан харуулж байна.

Гадаад харилцаа хамтын ажиллагааны хүрээнд БНХАУ, ОХУ, Япон,Тайван, Солонгос, Финланд улсын боловсролын салбарын байгууллагууд болон Монгол улсын МУБИС-ийн Боловсрол судлалын сургууль, Багшийн сургууль, Гадаад хэлний сургууль, МУИС-ийн Хүмүүнлэгийн сургууль, Хүмүүнлэгийн их сургуулийн Азийн хэл соёл судлалын тэнхим, Монголын Хятад хэлний багш нарын холбоо, Монгол улсын тусгай олимпын хороо, Өвөрхангай, Архангай аймгийн зарим сумдын ерөнхий боловсролын сургуулиудтай хамтран ажиллаж байна.

“Хос болон олон хэл дээрх Үй Цай боловсрол хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж буй багш сурган хүмүүжүүлэгчид, тус хөтөлбөрийг сонгон суралцсан үе үеийн төгсөгчид, шамдан суралцаж буй сурагчид, ирээдүй хойч үеийнхээ боловсрол, хөгжлийн төлөө санаа зорилго нэгтэй, бидэнд итгэл хүлээлгэн цаг ямагт дэмжин туслаж, хамтран ажилдаг хүндэт эцэг эхчүүд, болон бусад хамтран ажилдаг байгууллага, хувь хүмүүстээ талархал дэвшүүлж, эрүүл энх, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.

Манай сургуулийн эрдмийн хаалга “Хос болон олон хэл дээрх Үй-Цай боловсрол хөтөлбөр”-ийг сонирхогч эрдэм номыг эрхэмлэгч хүүхэд багачууд та бүхний өмнө үргэлж нээлттэй байх болно гэдгийг илэрхийлэхэд таатай байна.

Эрдэм номын ариун үйлс үргэлж дэлгэрч байхын ерөөл дэвшүүлье.

Удирдах зөвлөлийн дарга Д.Цэцэгмаа

Захирал Д.Баяраа