“Оюун ухааны зураглал”-ын IV цахим олимпиадад 19 баг оролцов.

Улаанбаатар , 2023 оны арванхоёрдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 112 жилийн ойг тохиолдуулан “Оюун ухааны зураглал”ын 4 дэх удаагийн цахим олимпиадыг Үй Цай сургуульд өнөөдөр зохион байгууллаа.

Энэ удаагийн олимпиадыг “Монгол Улсын Тусгаар тогтнолын төлөө бүх ард түмний санал хураалт” сэдвээр зохион байгуулав.

Энэ удаагийн оюун ухааны зураглалын цахим олимпиадыг Үй Цай сургуулийн эцэг эхийн зөвлөлийн гишүүн М.Ганбат нээж үг хэллээ. Тэрбээр хэлэхдээ, “Дөрөв дэх удаагийн олимпиадад баг болон оролцож буй хүүхдүүд, эцэг эхчүүд та бүхэнд энэ түүхт өдрийн мэнд дэвшүүлье. Тэртээх 1911 оны 12 дугаар сарын 29-нд Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээжVIII Богдыг Монгол улсын шашин төрийг хослон баригч, хэмжээгүй эрхт хаанд өргөмжилсөн түүхтэй. Энэ тусгаар тогтнол бол тухайн цаг үеийн Монголын шилдэг хөвгүүд амиа зориулснаар бий болсныг хүүхдүүд та нар ном сонин, хэвлэл мэдээллийн хэрэгслээс уншиж, мэдсэн нь лавтай. Энэхүү олимпиадад сонсож, уншиж, зураг тэмдэглэгээ, өнгө дүрсээр мэдээллийг тэмдэглэж зураглалыг хийж үүнийгээ та бүгд оюуны зураглал гэж нэрлэдэг юм байна. Миний сонссоноор оюуны зураглал бол өнөөгийн хүүхэд залуусын заавал эзэмшсэн байх чадвар гэж үздэг. Энэхүү олимпиадад хүүхдүүд гэртээ, тавтай тухтай сууж, ээж аавтайгаа нэг баг болон тусгаар тогтнолын түүхэн сэвдээр ур чадвараа сорьж, хөгжүүлж оролцох юм байна. Та бүхэнд амжилт хүсье” гэв. Тэрбээр тус сургуулийн 2007 оны төгсөгч Батсанаагийн аав, 2020 оны төгсөгч М.Цэлмэг, 9в ангийн сурагч Б.Амартайван, 3б ангийн Б.Ивээл, 4в ангийн Б.Мишээл нарын өвөө аж.

“Энэхүү олимпиад үндэснийхээ түүхийн нэгэн онцлог үйл явдал Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээсний 112 жилийн талаарх мэдээллийг аав ээжтэйгээ нэгэн баг болж, энэ талаарх ойлголт мэдлэгээ гүнзгийрүүлэн бататгах, онлайн сургалтад идэвхтэй оролцох, эх сурвалж дээр ажиллах, мэдээллийг шүүн тунгаан эргэцүүлэн бодох, харааны мэдрэхүйгээр унших, ангилж бүлэглэн зураглал хийх, ярьж илтгэх чадварыг хөгжүүлэх ач холбогдолтой. Тусгаар тогтносон улсын нэг бүрэлдэхүүн хэсэг гэр бүл юм. Тиймээс оимпиадад хүүхэд аав ээжтэйгээ баг бүрдүүлэн онлайнаар, гэрээсээ оролцдог. Онлайны сайн тал нь хил хязгаар хамаарахгүй оролцдогоороо онцлогтой. Дөрвөн жилийн хугацаанд олимпиадад 400 орчим хүүхэд оролцсон” гэдгийг Үй Цай сургуулийн Удирдах зөвлөлийн тэргүүн Д.Цэцэгмаа тодотгов.

Энэ удаагийн олимпиадад Улаанбаатар хотын Үй Цай сургууль, Орхон аймгийн 1, 3 дугаар сургууль, Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын сургуулийн эцэг, эх, сурагчдаас бүрдсэн 19 баг оролцлоо. Шүүгчээр МУБИС-ийн Боловсрол судлалын сургуулийн судалгаа, арга зүйн тэнхимийн багш, доктор, PhD Р.Намжилдагва, “Чингис хааны өв” соёлын хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан Ш.Мөнхбаатар, МУБИС-ийн Боловсрол судлалын сургуулийн багш, доктор, профессор Ч.Байгалмаа нар ажиллав.

МУБИС-ийн Боловсрол судлалын сургуулийн Боловсролын судалгаа, арга зүйн тэнхимийн багш, доктор, PhD Р.Намжилдагва хэлэхдээ, “Хоёр дахь удаагаа шүүгчээр ажиллаж байна. Энэ хугацаанд сурагчдын оролцоо нэмэгджээ. Сурагчид танин мэдэхүй, чадвараа хөгжүүлэх, мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийх, шинжлэх ухааны агуулгыг маш хялбар хэлбэрээр зураглаж байна. Мөн эцэг, эхтэйгээ хамтран багаар оролцож байгаа нь сонирхолтой юм. Гэр бүлээрээ Монголын түүхийг сонсон, түлхүүр үгийг гаргаж, хооронд нь холбохдоо тодорхой зураглалаар эсвэл дэд салаа мөчрөөр гол агуулгыг гаргаж байна. Блум Таксономын онолын танин мэдэхүйн сэтгэлгээний дээд, доод үе шат бий. Энэхүү олимпиадад задлан шинжлэх, үнэлэх, дүгнэх гээд сэтгэлгээний дээд шатны үйл явагдаж байна. Мөн суралцагчийн  мэдлэг, чадвар, төлөвшилд чиглэсэн богино хугацааны танин мэдэхүйн тэмцээн мэт боловч Монгол Улс тусгаар тогтнолоо хэрхэн олж авав, гадаад улс орнууд Монголын тусгаар тогтнолыг хэрхэн зөвшөөрөв гэхчлэн нийгмийн болоод сурагчийн хувь чадамжид чиглэсэн танин мэдэхүйн тэмцээн боллоо. Дунд сургуулийн сурагчид хэдий ч аливаа асуудлыг олж харах, түүнийгээ бие дааж болон хамтаараа шийдвэрлэхэд сайн суралцаж байна. Үй Цай сургууль сурагчийг багаас нь судалгаанд суурилсан сургалт явуулж байгаа нь аливаа асуудлыг өөрөө олдог, түүндээ суурилан дүгнэлт гаргадаг “зөөлөн ур чадвар” буюу өөрийгөө илэрхийлэх урч чадварыг хөгжүүлсэн тэмцээн боллоо” хэмээн олимпиадын ач холбогдлыг тодотгов.

“Чингис хааны өв” соёлын хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан Ш.Мөнхбаатар, “Түүх соёл гэдэг тухайн улс үндэстнийг бий болгож, бүтээдэг. Дэлхийн улс үндэстнүүд хоорондоо соёл, түүхээрээ ялгардаг. Энэхүү онцлогийг Үй Цай сургууль суурь хэмжээнд авч үзэж байгаа нь маш зөв алхам юм.

Сэдэв агуулгын хүрээн авч үзвэл, Монголын тусгаар тогтнолтой холбогдох XX зууны эхэн үеэс буюу 1911 оны 12 дугаар сарын 29-нөөс 1945 он хүртэлх 40 жилийн хугацаанд Монголын түүхийн маш чухал үйл явдлууд болж байсан. Шатраар зүйрлэвэл, хэцүү өрөг дээр уран нүүдэл хийж байсан маш эгзэгтэй цаг үеийн түүхийг хүүхдүүд ярьж, өөрөө хэдий сайн мэдэхгүй ч оролцож мэдээлэл авч байгаа нь сайшаалтай юм. Нэр томьёоны хувьд зарим буруу зөрүү ойлголт гарч байна. Тухайлбал, 1911 оны 12 дугаар сарын 29-нд монголчууд тусгаар тогтнолоо зарлан бусад улс орноор хүлээн зөвшөөрүүлээгүй байдал нь тусгаар тогтноогүй юм шиг ойлгогдох, эсвэл 1919 онд Гамин цэргүүд орж ирж тусгаар тогтнолыг унагасны дараа 1921 онд Ардын засгийн газар байгуулж байгаа үйл явдлыг сайн мэдэхгүйгээс нэр томьёоны хувьд алдаа гаргаж байна. Жишээлбэл, “манжийн дарлалд” гэж хүч гаргаж ярьж байгаа. Сүүлийн үед “манжийн дарлал” гэдэг үгийг “манжийн эрхшээл” гэж хэрэглэж байгаа. Түүхчдийн гаргаж ирсэн энэхүү санал сурах бичигт ороогүйн улмаас дарлал гэдэг үг хүчтэй явж байна. Мөн Дундад иргэн улс гэдэг нэр томьёо хожим өөрчлөгдсөнийг хүүхдүүд ойлголгүйгээр “1945 онд Дундад иргэн” гэдэг үгийг ашиглаж байна. Түүнчлэн 1917 оны Октябрийн хувьсгал гарахаас өмнөх үе буюу Хаант Орос улсыг Зөвлөлт Орос улс гэхчлэн нэр томьёоны хувьд алдаа гаргаж байгаа ч ерөнхий агуулгыг мэдэж байгаа нь сайшаалтай” гэв.

Уг олимпиадад:

I байрт 10Б ангийн сурагч Э.Аминдураал Нар баг, 12А ангийн сурагч О.Цэндмаа Монгол бахархал баг

II байрт 10А ангийн сурагч Ө.Анши Хасын хөлгүүд баг, 10Б ангийн сурагч М.Мөнх-Учрал Итгэл баг

III байрт 11А ангийн сурагч Т.Эрхбаяр Тусгаар тогнохуй баг

IV байр т 10Б ангийн сурагч Г.Анужин Амжилт баг, 11А ангийн сурагч Г.Дөлгөөн Ялагчид баг тус тус шалгарав.

Ташрамд дурдахад, Оюуны зураглал нь аливаа мэдээлэл, үзэл баримтлал, бодол санааг цэгцлэх арга төдийгүй нарийн төвөгтэй зүйлсийг нүдэнд харагдахуйц дөхөм байдлаар дүрслэх, нүдлэн тогтоох, тайлбарлахад тусалдаг. Хичээл сургалтад төдийгүй, ажил бизнесээ төлөвлөх гээд амьдралын бүхий л салбарт хэрэглэхэд нэн тохиромжтой тул оюуны зураглалыг олон улсад ажил хэрэгч хүн бүрийн эзэмших чадварын нэг болон хөгжиж байна.

https://montsame.mn/mn/read/334461

Comments are closed.