“Эзэн заяа” яруу найргийн наадам 11 дэх жилдээ боллоо

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт яруу найрагч Д.Пүрэвдоржийн нэрэмжит “Эзэн заяа” яруу найраг, уран уншлагын наадмыг Үй Цай сургууль 11 дэх жилдээ зохион байгууллаа.

Тус сургуулийн Монгол хэл, уран зохиолын танхимаас зохион байгуулдаг наадамд энэ удаа нийслэлийн 20 орчим сургууль болон Өвөрхангай аймгийн Бүрд, Есөнзүйл сумын ЕБС-ийн бага, дунд, ахлах, ангийн сурагчид оролцсоноороо онцлогтой.

Энэхүү яруу найраг, уран уншлагын наадам нь дан ганц наадам гэхээсээ илүүтэй өсвөр насны хүүхдийг эх болсон монгол хэлээрээ  бүрэн зөв ярьж, бичиж сурах дадлыг эзэмшүүлэх зорилготой юм.

Жил ирэх тусам оролцогчдын цар хүрээ тэлж, хүүхдүүдийн идэвх оролцоо, ур чадвар улам сайжирч байгааг наадмын зохион байгуулагчид болон шүүгчид хэлж байлаа. Хамгийн хүчтэй өрсөлдөгч насны ангилал бол дунд, ахлах ангийн сурагчдын дунд өрнөж байсан юм.

Наадмын шүүгчээр Монгол Улсын Ардын жүжигчин, МУГЖ тайз дэлгэцийн урлаг, өгүүлэхүйн ухааны нэрт мастер, нэвтрүүлэгч, театр киноны жүжигчин Г.Равдан, МЗЭ-ийн шагналт, Болор цомын эзэн, яруу найрагч Н.Гантулга нар ажиллав.

Тэмцээний шүүгч, Болор цомын эзэн, яруу найрагч Н.Гантулга, “Хүүхэд эдгээр шүлэг найраглалыг уншихад монгол хэлний цэц билэг нь гарч ирдэг. Хүүхэд маш олон мэдэхгүй үгээ мэдэж авдаг, ой тойнд утга агуулга нь сууж өгдөг, эх орондоо хайртай бай, эх оронч бай гэж хэлээд өнгөрөх төдийгүй оюун санаа, сэтгэл зүрхийг нь монгол яруу найраг, үгийн их  сондор шигтгээгээр эзэмдэнэ гэдэг гайхамшигтай юм” гэдгийг хэлж байлаа.

Их найрагч Д.Пүрэвдоржийн мэндэлсний 90 жилийн ойн хүрээнд болж буй яруу найраг, уран уншлагын наадам нь сурагчдын яруу найраг шимтэн сонирхох, уран унших, шүлэг зохиох, авьяас чадварыг урамшуулан дэмжих, эх орон, ёс заншил, түүх соёл, оюуны үнэт зүйлсээ эрхэмлэн дээдлэх, түүгээрээ бахархах үндэсний ухамсрын төлөвшлийг дэмжихэд чиглэжээ.

Үй Цай сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш Б.Сарантуяа ярихдаа, “Энэ жил их найрагчийн тэгш ой тохиож байгаа. Ойтой холбогдуулан энэ жил “Эзэн заяа” наадмаа гурван чиглэлээр өргөжүүлсэн. Эхнийх нь их найрагч Д.Пүрэвдоржийн уран бүтээлээр “Сэгс цагаан Богд найраглалын хэл зүйн шинж” сурагчдын эрдэм шинжилгээний хурлыг өчигдөр зохион байгууллаа. Хуралд нийслэлийн 10, орон нутгийн нэг, нийт 11 сургуулийн 16 сурагч амжилттай оролцсон. Наадам маань “Дөрвөн цагийн тал” дуун цэнгүүнээр үргэлжилнэ. Харин “Эзэн заяа” яруу найргийн тэмцээнд 20 гаруй сургуулийн  70-аад сурагч оролцож байна” гэв.

Наадмын бага насны ангилалд нийт 23 сурагч оролцсоноос

  •      -Үй Цай сургуулийн 4а ангийн сурагч А.Саруул-Эрдэм 1-р байр өргөмжлөл, алтан медаль, мөнгөн шагнал
  • -Өвөрхангай аймгийн Бүрд сумын ерөнхий боловсролын сургуулийн 5а ангийн сурагч Ш.Шинэбаяр 2-р байр өргөмжлөл, мөнгөн медаль, мөнгөн шагнал
  •     – Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын ерөнхий боловсролын сургуулийн М.Оюун-Эрдэнэ 3-р байр өргөмжлөл, хүрэл медаль, мөнгөн шагнал
  •      -Үй Цай сургуулийн 4в ангийн сурагч А.Мөнгөнсор тусгай байр өргөмжлөл, мөнгөн шагнал
  • -Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагч Б.Буян-Арвижих тусгай байр өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа.

Дунд насны ангилалд нийт 37 сурагч оролцсоноос

-ӨЗБАС-ийн 9в ангийн сурагч Т.Мөнххишиг 1-р байр өргөмжлөл, алтан медаль, мөнгөн шагнал

-84-р  сургуулийн 6-10 ангийн сурагч Н.Маралгоо 2-р байр өргөмжлөл, мөнгөн медаль, мөнгөн шагнал

-Үй Цай сургуулийн 8б ангийн сурагч Т.Гэгээн 3-р байр өргөмжлөл, хүрэл медаль, мөнгөн шагнал

-Ертөнц сургуулийн 9а ангийн сурагч Т.Цолмонболор тусгай байр өргөмжлөл, мөнгөн шагнал

-71-р сургуулийн 9в ангийн сурагч Д.Урангоо тусгай байр өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулав.

https://montsame.mn/mn/read/332113

Comments are closed.