Үй Цай сургуулийн Күнзийн танхимын нээлт боллоо

🇲🇳Монгол Улсын ерөнхий боловсролын Үй Цай сургууль, 🇨🇳Хятад Улсын Тяньжин хотын Шинжлэх ухаан технологийн их сургуультай хамтарсан Күнзийн танхимын нээлт боллоо. 👏👏👏
🎀Нээлтийн ёслолд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруй, Тяньжиний Шинжлэх ухаан технологийн их сургуулийн захирал Ван Минь тэргүүтэй хүндэт зочид оролцож, үг хэлсэн юм.
📌Тяньжиний Шинжлэх ухаан технологийн их сургуулийн захирал, хатагтай Ван Минь хэлэхдээ “Монгол Улсын БШУЯ, Хятадын ЭСЯ-ны зүгээс манай хоёр сургуулийн хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлж байгаад талархал илэрхийлье” хэмээн онцоллоо. Тяньжиний Шинжлэх ухаан технологийн их сургууль 65 жилийн түүхтэй, 40 гаруй орны 140 гаруй сургуультай хамтарч ажилладаг юм байна.
“Бид өөрийн сургуулийн давуу талыг ашиглаж “Үй Цай” Күнзийн танхимдаа маш сайн багш, боловсон хүчний нөөцөөр дэмжин тусалж, хоёр орны боловсролын хамтын ажиллагаанд томоохон хувь нэмэр оруулах болно. Манай хоёр сургууль цаашдаа Бүс ба зам хөтөлбөрийн хүрээнд Үй Цай сургуулийн Күнзийн танхимын онцлогтой сургалтын загвар бий болгож, монгол хүүхдүүд, иргэд Хятадын хэл соёлд суралцаж, Хятадыг таньж мэдэх талбар бий болгохоор ажиллана” гэж хатагтай Ван Минь онцолж байлаа.
📌“Үй цай” сургуулийн Удирдах зөвлөлийн дарга Д.Цэцэгмаа Элчин сайд Цай Вэньруйтэй хуучны танилын ёсоор хууч хөөрч зогсоно. “2000 онд Хятадын Элчин сайдын яаманд манай 44 хүүхдийг шинэ жилээр хүлээж авч байсан. Тэдгээр хүүхдүүд маань сайн яваа. Дэлхийн банкинд, Майкрософтод, Сан-Францискогийн хөрөнгийн биржид ажиллаж байгаад би их бэлгэшээж явдаг хэмээн тэрбээр ярив. Элчин сайд “Сургууль өдрөөс өдөрт дэвжин хөгжиж байгааг харахад таатай байна” гэж хэлж байна лээ. Элчин сайд Цай Вэньруй “Үй Цай” сургуулийн хүндэт дэвтэрт дурсгалын үг бичиж үлдээсэн юм.
📌Цай Вэньруй: Хэрэв монгол хэл сураагүй бол би Монголд Элчин сайдаар ажиллах тавилангүй болов уу гэж боддог
Элчин сайд Цай Вэньруйтай ярилцахад орчуулагч хэрэггүй байлаа. 22 жилийг Монголд үдсэн агаад, монгол хэлээр сайн ярьдаг эрхэм билээ. Тэрбээр Ерөнхий сайдыг Хятадад айчлах үеэр хамт ажиллаад, Күнзийн танхимын нээлт болохын өмнөх өдөр Монголд иржээ.
-Күнзийн танхим цөөнгүй байгуулагдсан шүү дээ. Хэр сайн ажилладаг вэ. Элчин сайдын яамны зүгээс хятад хэлний боловсрол олгох сургуулиудыг болон хятад хэл сурч байгаа хүүхдүүдийг хэрхэн дэмжих бол?
-Хятад, Монгол тэнгэрээс заяасан, нүүж холдохгүй хөршүүд. Ийм учраас найрсаг харилцаа, хамтын ажиллагаа, ард иргэдийн хоорондын ойлголцол, найрамдлыг улам бэхжүүлэх нь манай хоёр улсын аль алинд нь хэрэгтэй. Хятад, Монголын харилцаа маш сайн хөгжиж байгаа. Харилцаа хөгжүүлэхэд бие биенийхээ хэлийг мэддэг боловсон хүчин чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ үүднээс Монголд ажиллаж байгаа хоёр талын хамтарсан Күнзийн институт, Күнзийн танхимууд чухал үүрэгтэй. Тэд монгол хүүхдүүдэд хятад хэлний боловсрол олгоход чухал үүрэг гүйцэтгэж ирсэн, цаашдаа ч гүйцэтгэх болно. Сая “Үй цай” сургуулийн дэргэдэх Күнзийн танхимын нээлт хийлээ. Манай ЭСЯ хятад хэлний боловсрол олгоход бүх талаар дэмжих болно.
-Олон монгол хүүхэд, БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэгээр сурдаг шүү дээ. Хятадын их, дээд сургуульд тэтгэлэгээр сурдаг хүүхдүүдийн тоо нэмэгдэх болов уу?
-Одоогоор ойролцоогоор арваад мянган хүүхэд Хятадад сурч байна. Үүний дотор нэлээд олон хүүхэд Хятадын Засгийн газрын тэтгэлэгээр, бусад орон нутгийн засаг захиргааны болон их, дээд сургуулийн тэтгэлэгээр сурдаг. Монголд хятад хэл заадаг хэд хэдэн сургууль бий. “Үй Цай” үр дүнтэй ажиллаж ирсэн сургуулийн нэг. “Үй Цай” төгссөн хятад хэлтэй олон хүүхдэд Хятадад сурах завшаан тохиосон. Цаашид бид сургууль хоорондын солилцоо, хамтын ажиллагааг улам дэмжиж ажиллах болно. Улам олон монгол хүүхдүүд Хятадад сурах бололцоотой болно гэж найдаж байна.
-Та 22 жил Монголд ажилласан гэхээр гайхалтай санагдлаа. Олон монгол хүүхэд хятад хэл судалж байна. Дэлхийн хүмүүс хятад хэлийг сонирхон судлах нь нэмэгдсэн. Гэтэл монгол хэлийг маань сонгон судалдаг хүмүүс байгаа нь сайхан. Та монгол хэл сурсандаа сэтгэл хангалуун байдаг уу?
-(Инээв) Монгол хэл сурч, судалсны ачаар Хятад, Монголын харилцааг хөгжүүлэхэд өөрийн зүгээс өчүүхэн ч болов хувь нэмэр оруулж ирсэн. Хэрэв хэл сураагүй бол би Монголд Элчин сайдаар ажиллах тавилангүй болов уу гэж боддог. Монгол хэл сурч, судалсан маань зөв болсон. Дашрамд дурдахад, намайг МУИС-д сурахад олон сайхан чадварлаг багш монгол хэл зааж, эрдэм хайрласанд баярлаж, талархаж явдаг. Багш нарын хайрласан эрдмээр хоёр орны найрамдалт харилцааг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах болно гэв.
📌Д.Баяраа: Код бичих, робот, хиймэл оюун ухааны боловсролыг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлэхээр бид ярилцаж байна
“Үй Цай” сургуулийн захирал Д.Баяраа ийнхүү ярилаа.
Үй Цай сургуулийн дэргэдэх Күнзийн танхим 2007 онд байгуулагдсан түүхтэй. Хятадын Олон Улсын радиогийн Монгол хэлний редакцийн хамт олонтой хамтарч 12 жил ажилласан байна. Монгол Улсын Ерөнхий боловсролын түүхэнд анх удаа бид Хятад хэлний олимпиад зохион байгуулсан. Чита, Улаан-Үд, ОХУ-аас сурагчид ирж энэ олимпиадад маань оролцож байлаа. Хятадын ард түмний түүх, соёл урлагаас хүүхэд багачууд суралцахаас гадна шинжлэх ухааны ололт амжилтаас хятад хэл дээр суралцах, сонгодог бүтээлүүдийг унших,сонирхсон сэдвээрээ судалгааны ажил хийх, хятад хэл дээр илтгэл тавих зэргээр суралцсан юм. Энэ бүхэн Монгол Улсын Ерөнхий боловсролын сургуулиудын практикт, тэр дундаа Күнзийн танхимын үйл ажиллагаанд жишиг загвар болж үлдсэн. Энэ хугацаанд Үй Цай сургуулийн хүүхдүүд Хятад улсад жил бүр болдог Хятад хэлний “Гүүр” тэмцээнд удаа дараа тэргүүн байр эзэлж байлаа. Энэ хүүхдүүд маань Хятадын их дээд сургууль төгсөөд, гадаад дотоодын компаниуд, төрийн байгууллагад ажиллаж байна.
Одоо бид Тяньжиний Шинжлэх ухаан технологийн их сургуультай хамтран “Бүс зам” бодлогын хүрээнд уламжлалт үйл ажиллагаагаа улам боловсронгуй болгож байна. Боловсролын байгууллагатай хамтарч Күнзийн танхим ажиллах боллоо. Хятад хэлээр математик, физик, хими байгалийн шинжлэх ухааны мэдлэг боловсрол эзэмших, боловсон хүчнээр хангах, хөтөлбөр боловсруулахад мэргэжлийн их дээд сургуультай хамтрах нь сайхан боломж бий болгож байна. Үүгээрээ өмнөхөөсөө онцлог давуу талтай. Код бичих, робот, хиймэл оюун ухааны боловсролыг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлэхээр бид ярилцаж байна.
Мөн Хятад хэлний түвшин тогтоох шалгалт HSK өгөхийг хүссэн хэн бүхэнд “Үй цай” сургуулийн дэргэдэх Күнзийн танхим нээлттэй гэв.
📌Ван Минь: Хоёр сургуулийн онцлогт тохируулаад хичээл сургуулийг арай өөр загвараар явуулах болно
Нээлтийн ёслолын дараа хатагтай Ван Миньтэй цөөн хором ярилцав.
– ТяньжинийШинжлэх ухаан технологийн их сургуульд хэр олон монгол хүүхэд сурдаг бол?
-Манай сургууль арав гаруй жилийн өмнөөс монгол оюутнуудыг хүлээж авсан. Урт богино хугацаатай, эрдмийн зэрэг эсвэл судлаачийн түвшний янз бүрийн суралцагчид ирдэг. Жилд 100 гаруй монгол хүүхэд сурч байсан удаа бий.
-Күнзийн танхим дээр өвөрмөц арга барилаар ажиллана гэсэн шүү дээ, юугаараа онцлог байх вэ?
-Үй Цай сургуулийн Күнзийн танхимаас гадна өөр бусад танхимууд ч бий. Хүүхдүүд зөвхөн хятад хэл сурах бус хятад хэлээр дамжуулж шинжлэх ухааны мэдлэг олгох, инженерийн чиглэлийн хичээлүүдээ хятад хэл дээр судлах, анхан шатны мэдлэг олж авах гэдгээрээ онцлог.
Хятад хэл сурах үйл явц зөвхөн танхимд үргэлжилдэг бус хэрэглээний явцад хэлнийхээ чадварыг сайжруулдаг байх үүнийг хичээлээс гадуур үйл ажиллагаа, зуны зуслан сургалтаар эсвэл Хятадад очиж харилцах гэх мэт тусгай хөтөлбөрүүдийн дагуу сургах юм.
-Монгол хүүхдүүд хэр сурдаг вэ тэднийг хэрхэн үнэлж байна?
-“Үй Цай” сургуулийн хятад хэлний сургалт маш сайн. Бидний хувьд ч Күнзийн танхим нээхийг чин сэтгэлээсээ хүсч байгаа. Яагаад гэвэл энэ сургуулийн хүүхдүүд дунд, ахлах ангид орохдоо Хятад хэлний түвшин тогтоох шалгалтын маш өндөр оноог авч чаддаг. Хоёр сургуулийн онцлогт тохируулаад хичээл сургуулийг арай өөр загвараар, инноваци шингээгээд өмнөх сайн уламжлалыг үргэлжлүүлэх болно гэлээ.
📌Дү Хуй Ин: HSK шалгалтад бэлтгэж байгаа хүмүүс ч бидэнд хандаж болно
“Үй Цай” Күнзийн танхимын эрхлэгч Дү Хуй Ин “Энэ оны дөрөвдүгээр сард ажлаа авсан. Одоогийн байдлаар манай Күнзийн танхим гурван сайн дурын багштай ажиллаж байна. Энэ оны наймдугаар сар гэхэд ахиж таван багш ирнэ хэмээн танилцуулав.
-Күнзийн танхим ямар үйл ажиллагаа явуулдаг талаар манай уншигчдад тайлбарлаж өгнө үү?
-Монгол Улсын “Үй Цай” сургууль, Тяньжиний Шинжлэх ухаан технологийн их сургууль хамтран байгуулж байгаа Күнзийн танхим бие даасан танхим. МУИС, Боловсролын их сургуулийн дэргэдэх Күнзийн институттэй ижил түвшний танхим юм. Манай байгууллагын хувьд Хятадын Засгийн газрын Боловсролын яамны харъяанд байдаг Хятад хэлний болон гадаад хэлний хамтын ажиллагааны газар, Хятадын хэл соёлын төвийн дэргэдэх улсын хорооны сангийн харъяанд ажилладаг сургалтын байгууллага юм. Күнзийн танхимын үндсэн зорилго бол Хятад хэл соёлыг олон улсад таниулах, түгээн дэлгэрүүлэх, Хятадыг илүү сайн таньж мэдэх боломжийг хүүхдүүд болон насанд хүрэгчдэд олгох, хятад хэлний багш, сургалтын хэрэглэгдэхүүн, ном сурах бичгээр хангах юм.
-Ямар хүмүүс танай танхимд хандаж болох вэ?
-Өнөөдрийн байдлаар багш, боловсон хүчин дутмаг байгаа учраас Үй Цай сургуулийн хүүхдүүдтэй ажиллах юм. Мөн хятад хэл сонирхож судлахыг хүссэн бусад хүмүүст HSK шалгалтад бэлтгэж байгаа хүмүүс ч бидэнд хандаж болно. Хүн хүч хангалттай болмогц бид “Үй Цай” сургууль болон бусад хүмүүст хандсан хоёр чиглэлээр үйл ажиллагаа явуулах болно гэлээ.
Comments are closed.