Үй-Цай сургууль 25 жилийн ойгоо тэмдэглэв.

Хос болон олон хэлний сургалттай ерөнхий боловсролын Үй-Цай сургууль 25 жилийн ойгоо тохиолдуулан “Үй Цай боловсрол-Эрдмийн баяр”-ыг зохион байгууллаа.

Баярын үйл ажиллагааг Үй-Цай сургуулийн сурагчид төгөлдөр хуур болон хийл хөгжмөөр хослон “Уран хас” аялгууг тоглосноор эхлэв.

                    Үй-Цай сургуулийн удирдах зөвлөлийн тэргүүн Д.Цэцэгмаа баярын үйл ажиллагааг нээж, сургуулийн үүсэл түүх өнөөгийн сургалтын онцлогийн талаар сонирхуулав.

Үй Цай сургуулийн сурагчид хос болон олон хэл дээрх урлагийн тоглолтоо сонирхуулав.

Тус сургууль 1997 оноос сурагч, эцэг эхийн боловсролын эрэлт хэрэгцээ, сонирхолд нийцсэн бодлого, чиглэл, эх хэлний суурь чадварт үндэслэн хос болон олон хэлээрх Үй Цай хөтөлбөрөөр эдүгээ 25 дахь хичээлийн жилдээ сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа явуулж байна. “Үй Цай төгсөгч” загварт суурилсан “Үй Цай бага, суурь, бүрэн дунд боловсролтой төгсөгч” гэсэн гурван үндсэн тогтолцоотой бөгөөд ахисан түвшний ерөнхий боловсрол, хос ба олон хэлээрх нэмэлт, алтернатив хөтөлбөр хэрэгжүүлдгээрээ онцлогтой. Тус сургууль өдгөө 1000 гаруй сурагч, 100 гаруй багш, ажилтантай томоохон хамт олон болжээ.

Энэ үеэр Үй Цай сургуулийн захирал, доктор Д.Баяраа хэлэхдээ, “Аливаа сургалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх хөтөлбөрийг үр дүнд чиглэсэн байх орчин үеийн онол аргазүй бий. Үй Цай хөтөлбөрөөр хичээллэхэд ямар үр дүн гарах вэ гэдгийг төгсөх загвар гэж томъёолсон. Энэ хугацаанд манай сургуулийг 840 гаруй сурагч төгсөөд байна. Үүний 60 гаруй хувь нь гадаадын их, дээд сургуульд суралцаж төгсөжээ. Улс ардын аж ахуйн салбар, хүчний байгууллага, ГХЯ, үндэстэн дамнасан корпораци, Дэлхийн банк, дэлхийн хөгжилтэй улс орны болон Монгол Улсын нэр хүндтэй компаниудад ч манай төгсөгчид ажиллаж байна. Төгсөгчидтэйгээ уулзан судалгаа хийхэд, хэлний боловсролоор хамт ажиллаж буй хүмүүсээсээ гологдохгүй. Мөн нэг давуу тал нь аливаа зүйлийг эхлүүлээд хичээнгүйлэн сууж үр дүнг нь үздэг чадвар эзэмшдэг” гэв.

Ойн хүрээнд “Бидний бүтээл-Номын баяр” тайлан үзэсгэлэн гаргасан байлаа. Үзэсгэлэнд Үй Цай боловсрол хөтөлбөрийн сургалтын хэрэглэгдэхүүн, багш сурагчдын бүтээлүүдийг дэлгэн харуулсан нь тэдний амжилт бүтээлийн нэгхэн хэсэг байв. Тус сургууль нь сургалтынхаа үр дүнг сурагч бүрийн амжилтын сан, “Үй Цай төгсөгч” загвараар үнэлдэг аж. Тийм ч учраас үзэсгэлэнгийн нэг хэсэг нь Үй Цай боловсрол эзэмшигчдийн “амжилтын сан” болон “Үй цай” хөтөлбөрөөр 12 жил суралцаж төгссөн сурагчийн эзэмшсэн чадварт шинжилгээ хийн Үй Цай боловсролын жишиг төгсөгчийн тайлан үзэсгэлэн байв.

Захирал Д.Баяраа Үй Цай төгсөгч загварын үнэлгээгээ танилцуулж буй нь

Амжилтын сан: Амжилтын цүнх буюу Амжилтын санд хичээлийн бүхий л хугацаанд сурч, амжилттай хийж гүйцэтгэсэн ажлууд багтдаг. Түүнийг ангийн багш, эцэг эх, эрдэмтэн судлаач үнэлж дүгнэж шүүмж бичиж өгчээ. Энэхүү амжилтын сан нь Үй Цай төгсөгч загвараар сурагчдыг үнэлэх үнэлгээний үндсэн суурь хэрэглэгдэхүүн нь болдог.

Үй Цай төгсөгч загвар: Сурагчийн сурлагын амжилтыг нэг хичээлээр бус цогц байдлаар нь дүгнэхийг чухалчлан үздэг. Боловсролын хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг олон улсад 10 жилийг нэг үе гэж тооцдог. Энэхүү хөтөлбөрөөр 12 жил суралцаад төгссөн нэг сурагчийг жишиг сурагч хэмээн шинжилгээ хийдэг. Ингэхдээ тэдний эзэмшсэн байх чадварыг бага боловсролыг сайвар шаргал, суурь боловсролыг улбар шар, ахлах бүрэн дунд боловсролыг улаан өнгөөр дүрслэн харуулж, танин мэдэхүй, хувь хүний үйлдэл, зохицуулалт, харилцаа гэсэн дөрвөн бүл чадвараар харьцуулалт хийж дүн шинжилгээ хийж, 12 жил суралцах хугацааных нь хичээлийн дэвтрүүд, эссе, бие даалт, уралдаант тэмцээнд амжилттай оролцсоныг нь илтгэх медаль, диплом зэргийг дэлгэн харуулдаг байна.




“Бидний бүтээл-Номын баяр”-ын хүрээнд тус сургууль дээр хэрэгжиж эхлээд байгаа “Би судлаач хүүхэд” хөтөлбөрийн таван төрлийн дасгал ажлын дэвтэр, багш, сурагч хамтран гаргасан “ЕБС-ийн сурагчдын төслийн болон судалааны үй ажиллагаа онол практик” арга зүйн ном, сургуулийнхаа сүүлийн таван жилийн сургалтын үйл ажиллагааныхаа үр дүнд шинжилгээ хийсэн “Үй цай боловсрол 2017-2022 хөгжил шийдэл”, цаашдын үйл ажиллагааныхаа зорилго чиглэлийг тодорхойлсон Үй Цай сургалтын хөтөлбөрийн  үзэл баримтлалын бүтэцчилсэн хүрээ” зэрэг номуудын нээлтийг хийсэн нь онцлог байлаа.

Үй Цай сургуулийн багш сурагчдын бүтээлүүд

Үй Цай сургалтын хөтөлбөрийн  үзэл баримтлалын бүтэцчилсэн хүрээ ном

Судалгааны ажлаараа бусдыгаа манлайлсан сурагчдад шагнал гардуулав

  Сурагчдынхаа судалгааны ажлыг амжилттай удирдсан багш нар

Үй-Цай боловсрол-Эрдмийн баярын хоёр дахь хэсэг нь “Үй-Цай сургалтын хөтөлбөр-хөгжил, шийдэл” эрдэм шинжилгээний хурал байсан бөгөөд тус хуралд захирал Д.Баяраа “Үй Цай боловсрол хөтөлбөрийн хөгжлийн чиг хандлага”, Бага боловсролын сургалтын менежер Г.Байгалмаа “Үй Цай бага боловсрол хөтөлбөрийн хөгжлийн чиг хандлага”, дунд ангийн сургалтын менежер Д.Должинсүрэн “Үй Цай бүрэн дунд боловсрол хөтөлбөрийн хөгжлийн чиг хандлага”, Хятад хэлний сургалтын менежер Г.Ариунжаргал “Үй Цай хятад хэлний боловсрол хөгжлийн чиг хандлага”, англи хэлний багш А.Уянга “Үй Цай англи хэлний боловсрол хөгжлийн чиг хандлага” сэдвээр илтгэл тавив.

Сургуулийн захирал Д.Баяраа “Үй Цай боловсрол хөтөлбөрийн хөгжлийн чиг хандлага” сэдвээр илтгэл тавив.

Бага боловсролын сургалтын менежер Г.Байгалмаа “Үй Цай бага боловсрол хөтөлбөрийн хөгжлийн чиг хандлага”сэдвээр илтгэл тавив.

Хятад хэлний сургалтын менежер Г.Ариунжаргал “Үй Цай хятад хэлний боловсрол хөгжлийн чиг хандлага” сэдвээр илтгэл тавив.

Дунд ангийн сургалтын менежер Д.Должинсүрэн “Үй Цай бүрэн дунд боловсрол хөтөлбөрийн хөгжлийн чиг хандлага” сэдвээр илтгэл тавив.

Англи хэлний багш А.Уянга “Үй Цай англи хэлний боловсрол хөгжлийн чиг хандлага” сэдвээр илтгэл тавив.

Ийнхүү Үй Цай сургууль нь 25 жилийнхээ ойн баяраа хийж бүтээснээ дүгнэн, хэлэлцүүлсэн, оюун, боловсролын амжилт бүтээлээр дүүрэн тэмдэглэн өнгөрүүллээ.

Comments are closed.