“Төслийн болон судалгааны үйл ажиллагаа” номын нээлт боллоо.

2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Нийслэлийн Ерөнхий Боловсролын Үй-Цай сургуулийн хамт олон 25 жилийн ойгоо тохиолдуулан өөрсдийн сургалтын онол-практикийн туршилтын үр дүнгүүдээ нэгтгэсэн “Төслийн болон судалгааны үйл ажиллагаа” номын нээлтээ “АНД ПАБЛИШН”-д хийлээ.

Энэхүү  үйл ажиллагаанд тус номын редактор доктор, профессор Д.Мөнхжаргал болон Ардын багш, Академич Б.Жадамбаа, НИТХ-ын дарга Ж. Батбаясгалан, БШУЯ-ны ерөнхий боловсролын газрын дарга Т.Ням-Очир, БШУЯ-ны харьяа Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн захирал М.Итгэл, Гурван-Эрдэнэ Багшийн дээд сургуулийн захирал Ч.Жачин, Үй Цай сургуулийн сурагчид, эцэг эхийн төлөөлөл оролцлоо.

Нээлтийн үйл ажиллагааг Үй-Цай сургуулийн захирал Д.Баяраа номынхоо агуулгын талаар товч илтгэл тавьж эхлүүлэв.

Олон улсад төслийн болон судалгааны үйл ажиллагааг ерөнхий боловсролын сургалтын инновац технологийн нэг гэж судлаачид үздэг. Боловсролын системийн шинэчлэл, практик үйл ажиллагаандаа энэхүү технологийг өөрийн орны нийгэм, эдийн засгийн боломж, боловсролын эрэлт хэрэгцээний онцлогтоо нийцүүлэн хэрэглэхийг чухалчлан үзэх болжээ. Төслийн болон судалгааны үйл ажиллагаагаар сурагчдын авьяас, бүтээлч үйл ажиллагаа, шүүн тунгаах сэтгэлгээ, бие даан ажиллах чадвар нь хөгждөг байна.

  • Манай улсын хувьд төслийн болон судалгааны үйл ажиллагаа нь сургалтын практикт бүрэн нэвтрээгүйгээс энэ талаарх онол, арга зүй, туршлага бага байна. 1990-ээд оны дунд үеэс байгуулагдсан хувийн хэвшлийн сургуулиуд сурагчийн авьяас, сонирхол, боломж, онцлог, эрэлт хэрэгцээг харгалзан төсөлт хичээл, алтернатив үзэл баримтлал бүхий хөтөлбөрүүдээр сургалтынхаа үйл ажиллагааг явуулдаг болсон. Энэ нь манай улсын боловсролын системийн шинэчлэл хөгжилд тодорхой хувь нэмэр оруулж, сурагч буюу бие хүнд боловсролыг баримжаалан эзэмшүүлэх үзэл баримтлалыг хэрэгжүүлэх нэгэн чухал эрэлхийлэл болсоор ирсэн.
  • Манай сургуулийн хувьд төслийн болон судалгааны үйл ажиллагааг сургалтандаа явуулж ирсэн уламжлалтай. Сүүлийн жилүүдэд өөрийн орны болон олон улсын сургалтын технологийн шинэчлэл туршлагаас судлан үзээд ОХУ-ын судлаач академич А.И.Савенковын “Би судлаач” хөтөлбөр дээр суурилан, АНУ, ОХУ, БНХАУ-ын ерөнхий боловсролын сургуулиудын төслийн болон судалгааны үйл ажиллгааны практик туршлага, энэ чиглэлээр хүрсэн зарим ур дүн, онол арга зүйгээр баяжуулан хос болон олон хэл дээрх Үй-Цай боловсрол хөтөлбөртийн төслийн болон судалгааны үйл ажиллагааны нэгэн технологийг бий болгосон билээ. Энэ удаад дээрх үйл ажиллагааны үр дүнгээр боловсруулсан гарын авлага та бүхэндээ хүргэж байна. Энэ бол манай хамт олны бүтээл юм.

Уг бүтээлийг гаргахад дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан Үй-Цай сургуулийн хамт олондоо чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье.

ЭРХЭМ ЗОЧДЫН СЭТГЭГДЭЛ

Удирдах зөвлөлийн дарга Д.Цэцэгмаа:

-Хурдтай хөгжлийн үед сайн хэл, хүмүүжил чухал. Манай хүүхдүүд судалгаа хийж, төсөл бичихдээ түүртдэггүй, илүү цагаар суухгүй, хичээлийн явцад хийдэг. Календарчлагдсан төлөвлөгөөний дагуу ажилладаг учраас манай сургуулийн багш, сурагчид юу хийхээ мэддэг. Канзаст нэг төгсөгч маань суралцахаар явсан. “Хими, биологи амархан байна. Нийгмийн тухай мэдлэг англи хэл дээр дутуу хийчихсэн байна” гэж багшдаа хэлжээ. Гадаадад сурч байгаа хүүхдүүдийнхээ саналаар алдаагаа хурдан хугацаанд засварлаад, сайжруулаад явдаг. Бид 50 гаруй эмч бэлтгэсэн байна. Манай сургуулиас олон эдийн засагч төржээ. Олон инженерүүд гарсан. Төгсөгчийн маань аав “Охин маань Америкт эмнэлэг нээх гэж байгаа” гэж хуучилсан. Манай хүүхдүүд эрт эдийн засгийн сэтгэлгээнд сурсан. Илтгэл тавьж, тайлан хэлэлцүүлж сурсан. Манай хүүхдүүд арванхоёрдугаар ангидаа диплом хамгаалдаг. Их сургуульд орохоороо “Багш аа, бид их сургуулийнхаа судалгааны ажилд огт түүртэхгүй байгаа” сэтгэл хангалуун ярьдаг гэдэг.

 

МУБИС-ийн Боловсрол судлалын сургуулийн захирал, доктор Д.Мөнхжаргал:

-Энэ номонд редакторын үүрэг гүйцэтгэсэн. “Үй цай” сургуулийг анх үүсгэн байгуулагдах үеэс хамтарч ажиллаж ирсэн. Москвагийн Багшийн дээд сургуулийн захирал, академич А. И.Савенков гэдэг эрдэмтний аргыг өөрийнхөө туршлагаар баяжуулаад, өөрийн гэсэн технологитой болж байгаа “Үй цай” сургуулийн хамт олонд баяр хүргэе. Дэлхий хавтгай болоод байна. Үзэл санаа, бүтээлч сэтгэлгээ дэлхий даяар нийтлэг боллоо. Дэлхийн хэмжээний мэргэжилтнүүд бэлтгэн гаргаж байгаа эрдмийн уурхай гэдэг ийм л үр өгөөжтэй, үндэс мөчиртэй байдаг юм байна. Та бүхэндээ улам сайн сайхныг хүсэн ерөөе.

 

Ардын багш, академич Б.Жадамба:

Баялаг бүтээсэн “Үй цай” сургуулийн Д.Баяраа ахлагчтай багт талархал илэрхийлье.  Монголчуудын хамгийн их үнэлдэг баялаг оюуны бүтээл. Энэ бол шууд хүн болгоны амьдралд нөлөөлөхгүй ч  олон жилийн дараа үр дүн нь харагддаг баялаг юм. Өнөөдөр ерөнхий боловсролын сургуульд нэг том дэвшил гарч байна. Энэ сургууль  өөрийн гэсэн багаж, технологитой болсон байна.  “Үй цай” сургуулийн нүүр царайг  тодорхойлох хүмүнээр хүн хийдэг   технологи боловсруулаад, түүнийгээ хэрэгжүүлж  байгаа нь маш их ач холбогдолтой зүйл. Д.Баяраа захирал холын ухаантай хүн юм.  Дэлхий дээр прагматик сэтгэлгээтэй Америк,  шинжлэх ухааны онолын сэтгэлгээтэй Орос, энэ хоёрын аль алийг нь бариад явдаг Хятад бий.  Энэ гурвын туршлагыг судлаад, ийм ном бүтээсэнд хамгийн чухал ач холбогдол оршино.  Боловсролд гурван зүйлийг онцолъё. Тэгш, хүртээмжтэй, чанартай. Энэ гурвыг хэрэгжүүлэхийн тулд хүүхэд болгон оролцож, өөрөө хийж байж хөгждөг.  Төсөлт хичээл, судалгааны  ажил гэдгээр дамжиж, хүүхдийг асуудал шийддэг болгох юм. Ирээдүйн иргэд асуудлыг шийдэж чаддаг байх учиртай. Үүнд гол нөлөөлөх  хоёр аргыг онцолж ном бүтээсэн байна. Хүн оролцоод хийвэл хөгждөг.  Монголын агуу түүх, соёл бүтээсэн арга бол ерөөсөө л  үйлийн явцдаа суралцах буюу  шинжээч монгол гээд Л.Түдэв гуай бичсэн байдаг юм.  Шинжээч монгол гэдэг төсөлт ажил, судалгааг хэлж байгаа юм.   Австрали тэргүүтэй орнуудад “Бага сургууль ба судалгаа” гэсэн том төсөл хэрэгжиж байгаа. Түүний нэг хэлбэр нь энэ юм. Энэ номоос авууштай бас нэг зүйл нь хүүхдүүд юу  бодож, хийж байна гэдэг хамгийн чухал. Энэ номд судалгаа нь багтсан  сурагчид  бол хүүхдүүд юм бүтээдэг, мэддэг гэдгийг харуулж байна. Үүнийг зөвхөн “Үй цай” сургуулиар хязгаарлахгүйгээр   манай ерөнхий боловсролын бусад сургуулиудад ч түгээн дэлгэрүүлэхийг хүсье гэж захилаа.

 

Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир:

-Номынхоо нээлтэд урьж оролцуулсан Д.Баяраа, Д.Цэцгээ багш хоёртоо маш их баярлалаа. Сургууль байгуулах амар ажил биш. Хувийн сургуулиудын 30 жилийн түүхэнд маш олон сургууль  хөл дээрээ зогсч чадаагүй. Ер нь сэтгэлтэй зүтгэлтэй, тууштай  хүмүүс  сургуулийг авч явдаг юм билээ. Д.Баяраа багш номын нээлтийн урилгаа надад өөрийн биеэр аваачиж өгсөн юм.  Номын урилгыг  хүлээж авахад   олон жилийн арга технологи нь нүдэнд харагдах шиг болсон. Ерөнхий боловсролын сургуулийн багш, удирдлагуудын бас нэг ширээний ном бий болжээ  гэж баярлаж хүлээж авсан шүү хэмээн онцлов.

 

Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан:

-Түүхэн үйл явдлын гэрч болж байгаадаа талархалтай байна. Аливаа бүтээл амьдралд яаж хэрэгжих гэрч болох нь чухал гэж би хувьдаа боддог. Энд ирсэн зочдынхоо өмнөөс Д.Баяраа багш, Д.Цэцэгмаа багшдаа хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.

Энд сууж байгаадаа иргэн хүнийхээ хувьд баяртай байна. 100 гаруй орон номын баяр, үндэснийхээ бичиг соёлын өдрийг хуульчилсан байдаг юм байна. Тэр дотроос маш цөөхөн нь үндэсний хэмжээний баяр болгож тэмдэглэж ирсэн байна.

Саяхан монголчууд бид Номын баяр тэмдэглэсэн. Дахиад би номын баярын урилгыг маш баяртайгаар хүлээж авч ирлээ. Хоёрдугаарт юунд баярлаж байна гэхээр дэлхий дахин маш хүнд сорилтыг даван туулсан. Цар тахлыг даван туулаад энд бүгд маскгүй сууж байна гэдэг баяр. Энэ ч гэсэн бид өдөр тутам суралцаж байгаагийн нэг илрэл. Монголын ард түмэн энэ өдрүүдийг даван туулаад, давуу тал болгож байгаа нь бодит байдал. Ковидын үед бид гэртээ зүгээр суугаагүй.

Оюуны бүтээл туурвиж байсны үр дүн энэ ном. Би хувьдаа жишээлбэл цар тахлыг бас л давуу тал болгож чадсан. Урд нь ажил ажил гээд гэр бүлдээ цаг гаргаж амждаггүй байсан бол хөл хорионы үед гэрийнхэнтэйгээ илүү “танилцсан”. Хүүхдүүдийнхээ талаар мэддэггүй байсан зүйлсээ мэдэж авсан. Эцэг, эхчүүдийн оролцоо чухал гэдгийг мэдэрсэн. “Үй цай” сургуулийн давуу тал эцэг, эхчүүдтэй маш сайн харилцдаг. Хоёр жилийн хөл хорионы дараа есдүгээр сарын 1-нд хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцож,үг хэлэхдээ хоолой зангирч, нулимс цийлэгнээд байсан. Хүн төрлөхтөн маш том сорилтыг даван туулсан гэдгийг тэр үед мэдэрсэн. Гэхдээ тэнд хамгийн их баяртай байсан нь хүүхдүүд. Цэцэрлэгийн нээлтэд очиход нэг ч хүүхэд уйлахгүй хүний мөрөөсөл болсон байна. Одоо хүүхдүүд ч огт өөр болсон. Тийм учраас энэ бүтээлийг цаг үеэ олсон гэж бодож байна.

Сурагч, багш, эцэг эхчүүд бүгд оролцоотой байх ёстой юм байна. Аль ч түвшинд судалгаа чухал. Боловсрол, төсөл гэхээр хүүхдүүд яаж төсөл хийх юм бэ гэж хүмүүс бодож магадгүй. Хүн болгон суралцаж байна. Би ч бас хөл хорионы үеэр ная дөхсөн ээждээ дусал хийж сурсан. Онол, практикийн чухал бүтээл болжээ гэж дүгнэж байна. Бусад дунд сургуулиуд, албан хаагчдын ширээний ном болохоор бүтээл болжээ. Та бүхэндээ сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье. Оюуны уурхайгаас олон бүтээл гаргаарай. Энд суугаа эрдэмтэн судлаачид сурган хүмүүжүүлэгчид, сурагчиддаа эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.

 

“Үй-Цай” сургуулийн дөрөвдүгээр ангид сурдаг хоёр ихэр хүүгийн аав Д.Одгэрэл:

-Мэдлэг ханхалсан энэ сайхан өргөөнд шинэ номын гэгээ цацарсан сайхан өдрийн мэнд хүргэе. Боловсролын салбарт инноваци бүтээж чадсан “Үй цай” сургуулийн Д.Баяраа багштай хамт олонд баяр хүргэе. Манай хүүхдүүд дөрөвдүгээр ангид сурдаг. Нэгдүгээр ангид байхад нь хоёр хүүхдийнхээ судалгаанд оролцдог, миний оролцоо их байсан. Одоо бол нөгөө хоёртоо гологдох шинжтэй байна. Хүүхдүүд маань төсөлт ажил хийхийн тулд багаар ажиллаж сурч байна. Юмыг маш сайн задлан шинжилдэг боллоо. Шүүн тунгаадаг болж байна. “Үй цай” сургуулийн хамт олон 25 жилийн цуцалтгүй хөдөлмөрөөр олж авсан туршлагаа бусадтайгаа хуваалцахаар энэ сайхан онол, практикын гарын авлага номыг бүтээсэн нь туйлын таатай байна. Миний хүүхдүүд энэ арга технологиор хөгжиж байна. Бусад хүүхдүүдэд ч адилхан хөгжөөсэй гэж хүсч байна. Энэ хөтөлбөр, технологийг олон сургууль нэвтрүүлээсэй. Эцэг, эхчүүдээ төлөөлж, хүүхдүүдэд маань маш сайн боловсрол олгож, сайн хүн болгож төлөвшүүлж байгаад баярлалаа.

 

Хүүхдийн зохиолч О.Сундуй:

Үй цай” сургуулийн уранзохиолын багш байсан хүн шүү дээ, би. Уран зохиолын багш учраас уранзохиол талаас нь ярья. Өнөөдөр уранзохиолын чиг хандлага  бичигдсэн зүйлийг ойлгох гэхээсээ  түүнд бичигдээгүй, зохиолын төгсгөлд шийдэгдээгүй зүйлийг  ойлгох уншигчийг  дэлхий нийтээр хүлээж байна.  Байгаа юмыг байгаагаар нь ойлгодог биш судалдаг хайдаг, тулгарч байгаа асуудалд шийдэл болох гарц олдог уншигчийг шилдэг уншигч, тийм уранзохиолыг шилдэгт тооцож байна.  Сурагчдын хэрэгжүүлж байгаа энэ судалгаа шилдэг уншигч, бүтээлч иргэнийг төлөвшүүлэхэд чиглэж байна.  Гэхдээ энэ бүхэн Д.Баяраа багшийн хувьд шинэ юм биш байх л даа. 1989 онд Д.Баяраа багш хэсэг оюутныг Дорноговийн Даланжаргал руу  дагуулж яваад “Нөхөд минь, танхимд та нар  юм сурахгүй ээ, хүүхэд судал” гээд галт тэргээр  авч явж байсан хэдэн оюутны нэг нь би байгаа юм.  Тэр үед л судлаач оюутан гээд ярьж байсан хүн, одоо судлаач сурагч руу орсон байна хэмээн түүх сөхлөө.

 

Монголын аутизмын холбооны тэргүүн А.Амарбуян:

– Манай холбоог, намайг үнэлээд урьсанд баярлалаа. Өнөөдөр ерөнхий боловсролын сургуульд сурах эрх зүйн орчин бүрдээд манай хүүхдүүд сургуульд хамрагдаж эхэлж байгаа. Яг энэ үед ийм ном хэрэгтэй гэж харж байна. Ийм хэмжээнд хүүхдүүд хичээлээ хийдэг болсныг хараад баярлаж байна. Хийж үзэж байж илүү сайн сурдаг гэдэг зарчим ялангуяа аутизмтай, хөгжлийн онцлогтой хүүхдүүдэд хүчтэй үйлчилдэг. Аутизмтай хүүхдийн сурах онцлог, сэтгэлгээний талаар хуралд ярихад Д.Баяраа багш надтай ирж уулзаж, танилцсан юм. Түүнээс хойш манай холбоог дэмжиж ажиллаж ирсэн. Тусгай олимпын хороонд би бас байдаг, Тусгай олимпын хороог дэмжиж, нэг төсөл хэрэгжүүлсэн тухай энэ номын 149 дүгээр хуудсанд байна. Орос хэл рүү орчуулагдсан америк номыг Д.Баяраа багш олж аваад, “Аутизмтай хүүхдүүдэд хэрэгтэй юм байна” гэж бидэнд санал тавиад орчуулж гаргахаар хамтарч ажиллаж байгаа. Цаашид та бүхэнтэй хамтарч ажиллахдаа баяртай байх болно.

 

Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн захирал М.Итгэл:

-Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая. Гурван зүйлийг ярья гэж бодож байна. Хамгийн эхлээд баяртай ирсэн нэг зүйл байна. Манайх судалгааны байгууллага. “Би судлаач” гээд судлаач хүүхдийг багаас нь бэлтгэж байгаа юм байна. Арав, хорин жилийн дараа манай хүрээлэнд судлаач суурьтай хүүхдүүд орж ирэх юм байна гэж бэлгэшээж байна. Б.Жадамба багшийн хэлсэнтэй санал нийлж байна. Бид гадныхныг судалдаг. Германы нэг судлаач Монголд ирсэн юм. Түүнтэй хамт хөдөө явж байсан чинь морьтой хүүхэд явж байна. Нөгөө судлаач “Ямар сонин юм бэ, хүүхэд ганцаараа явж байна” гээд хүүтэй хэсэг ярилцлаа. Хаашаа явж байна гэсэн чинь “Адуундаа явж байна” гэнэ. Хэдэн адуутай вэ гэхэд “Манайх дөчөөд адуутай,700-800 орчим хоньтой” гэлээ. Чи хоёр дээр хоёрыг нэмж чадах уу гэхээр “Үгүй” гэсэн. Тэгсэн мөртлөө том тоог төвөггүй хэлээд байна. Тэр судлаач надад ингэж хэлсэн юм. “Монголчуудын тархинд биг дата заяасан юм байна шүү дээ” гэсэн. Манайханд үндэсний онцлог байна. Энэ өгөгдлөө яаж гаргаж ирэх ёстой юм бэ гэж бодогдсон. Судалгаа, төсөл гэдэг том сонсогддог үгнүүдийг хүүхдэд айхаас нь өмнө биг датад нь байршуулчихвал жинхэнэ ажиллаж чадна гэж бодож байна.

Хамгийн сүүлийн мэдээ трансформюдүкэшн гэдэг НҮБ-ын 77 дахь уулзалт есдүгээр сарын 22–27-нд болсон. Энд олон зүйлийг ярилцсанаас сургалтанд гурван зүйл салшгүй юм. Үүнийг ирээдүйд 2050 он хүртэл баримжаалах хэрэгтэй гэсэн нь нэгдүгээрт эргэцүүлэн бодох, хоёрдугаарт нь судалгаа гэдэг зүйл байх ёстой, гуравдугаарт нь хамтын ажиллагаа гэдэг зүйл байх ёстой гэсэн. 160 гаруй орны төлөөлөгчид оролцсон хурлаар дуу нэгтэй баталсан. Энэ зүйл байгаа учраас энэ номыг би өөрөөсөө салгахгүй барьж аваад байгаа юм. Та бүхэнд амжилт хүсье гэв.

 

Номын гол баатрууд болох судлаач хүүхдүүд:

 

“Үй-Цай” сургуулийн 8В ангийн сурагч М.Буянбилэг:

Би зургадугаар ангид байхдаа монгол, хятад хэл дээр харьцуулсан судалгаа хийхдээ “Уран дүрслэл” гэдэг сэдэв аваад, “Усан доогуур 20 000 бээр аяласан нь” номын эхний найман бүлгийг монгол, хятад хэл дээр харьцуулж уншаад, уран дүрслэлтэй холбоотой жишээнүүдийг түүн, монгол хэл дээр уран дүрслэлийн ийм ийм төрлүүд байна. Тэдгээр нь энэ зохиолд ингэж гарч ирээд, тэр нь хятад хэл дээр ингэж буусан байна. Уран дүрслэл нь тухайн улсынхаа сэтгэлгээний онцлог, аж ахуй соёл, зан заншилтай нягт холбоотой байдаг. Хэл гэдэг тухай үндэстний эрт үеэс өнөөг хүртэл өвлөгдөж ирсэн уламжлалтай нь холбоотой учраас монгол, хятад хэлний ялгааг үндэс угсаатай нь холбож тайлбарласан юм. Хятад хэл дээр гарч ирж байгаа уран дүрслэлүүд монгол хэл дээр олдохгүй, энгийнээр товчлоод хэлчихсэн хэсгүүд ч таарсан гэв.

 

“Үй-Цай” сургуулийн арваннэгдүгээр ангийн сурагч М.Амарсанаа:

– “Тарвас” сэдэвт илтгэл, судалгааг би есдүгээр ангидаа хийж байсан юм. Багш нарын зөвлөгөөгөөр судалгаагаа үргэлжлүүлж, хүнсний захуудаар явж, тарвасны сортуудын ялгааг худалдаачдаас асуун, сургуулийнхаа сурагчдаас тарвасны талаар мэдлэг мэдээлэл ямархуу байгааг судалж байлаа. Энэхүү судалгааг хийсэнээр бие даан судлах чадвар нэмэгдэж, асуудлыг олон талаас нь харж, шинжлэх ухааны үүднээс харах олон олон чадваруудыг эзэмшиж байна. Сэдвээ сонгох гэж их эргэлзсэн. Аав, ээж багш нартайгаа ярилцаж байгаад энэ сэдвийг сонговол өргөн хүрээтэй, ач холбогдолтой гэж үзсэн юм. Дээр нь амьдралд ойр сэдэв гэж сонгосон. Би бас тарвасанд дуртай. Газар тариаланг судлах дуртай. Дэлхийн олон оронд өөр өөр уур амьсгалд ямар ямар хүнсний бүтээгдэхүүн ургадаг талаар судлах сонирхолтой байгаа гэв.


Comments are closed.